Cancer of the State

“Бидэнд хэр их хугацаа үлдсэн бэ?”

Nomin Bayarmagnai
6 min readMay 11, 2020

Энэхүү нийтлэлээр та бүхэнд Япон улсад суралцах хугацаандаа сэтгэлд минь хамгийн гүн туссан нэгэн хичээлийг базаж хүргэхийг хүслээ. Хэр баргийн сургуулиуд “Авлигал” хэмээх энэ бүрхэг сэдвийг бүтэн 4 сарын хичээлээр заах байтугай төдийлөн хөндөөд байдаггүй. Энэ тал дээр “маруухан” улсаас ирсэн надад АВЛИГАЛ vs САЙН ЗАСАГЛАЛ гэх энэ хичээл дэндүү ойр бөгөөд эмзэгээр туссан билээ. Онцолж хэлэхэд уг хичээлийг заасан Yasutomo Morigiwa хэмээх профессор нь манай МУИС-н Хууль Зүйн сургуулийн хүндэт профессор бөгөөд Монгол улсын талаар мэргэжлийнхээ хүрээнд хэнээс ч дутахааргүй өндөр мэдлэгтэй хүн юм. Бүтэн 15 долоо хоног авлигал хэмээх энэ сэдвийг гүнзгий судалснаа аль болох товчоор хураангуйлан та бүхэнд хүргэж байна.

Улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хамгийн томоор занал хийлдэг зүйлс бол Авлигал, Дайн хоёр юм.

Дайн дажинтай зүйрлэгдэнэ гэж үү? гэж та бодож байна уу. Яг тийм! Дайн бидэнд гаднаас довтолж ирдэг бол Авлигал биднийг яг л хорт хавдар мэт дотроос нь ялзруулан мэрдэг л ялгаатай. Эхэндээ мэдрэгдэхгүй ч цагийн эрхэнд хүндэрсээр нэгэнт аврагдахаасаа өнгөрсөн байдаг.

Иргэн хүний хувьд бид энэхүү нөхцөл байдлын эсрэг хийж чадах хамгийн чухал зүйл бол, “Хэзээ ч авлигалыг хүлээн зөвшөөрч, бууж өгч, нэгэнт оройтсон мэт, нэгэнт живчихсэн мэт хандаж болохгүй.” Ардчилал байгаа цагт хүн хэзээ ч энэ асуудлаас ангижрахгүй ч гэсэн бид авлигалыг амжилттайгаар эсэргүүцэх дархлааг суулгаж чадах юм. Аль болох олон хүн улстөрийн тогтолцоог ойлгож, эрх чөлөө, ардчиллын мөн чанарыг танин ухамсартайгаар шийдвэр гаргадаг болсон цагт одоо бид энэ асуудалтай нүүр тулахад дөхөм болох билээ.

Эрх Чөлөө

Эрх чөлөө бол өөрөө өөрийнхөө тоглоомын дүрмийн дагуу амьдрахыг хэлж болно. Гэхдээ та амьдралаа залах бус таны хүсэл, шунал таныг захираад эхэлвэл “ Та өөрийгөө эрх чөлөөтэй амьдарч байна гэж хэлж чадах уу?” Жишээ нь хар тамхинд донтсон хүн өөрийнхөө хүслийн боол болж эрх чөлөө нь түүнийг боолчилж байна. Тэгэж бодохоор ер нь хаагуур нь зааглавал зүйтэй юм бэ? Тоглоомын дүрмээ хязгаарлаж өөрийн үнэт зүйлс болон ардчилсан нийгэмтэй уялдуулан зохиох нь хамгийн зөв эрх чөлөө билээ. Хийхийг хүсч байгаагаас илүүтэйгээр хийх ёстой гэдэг зүйлс энэ нийгэмд биднийг зална. Эрх чөлөөтэй байна гээд эсрэг урсгалаар салхи татуулан давхих нь өөрийгөө болон бусдын амь насыг аюулд оруулах тул асар том маанаглал. Үүнээс харахад та бусдын аюулгүй байдлын өмнө, тэдний эрх чөлөөний өмнө хариуцлага үүрч амьдарч байна. “Таны эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдана.” гэдэг үг ч УТГАГҮЙ ! Таны эрх чөлөөг хязгаарлаад байгаа юм огт үгүй, анхнаасаа эрх чөлөө гэх энэ зүйл яг ийм хязгаар, ийм л тохируулгатайгаар бидэнд өгөгдсөн юм.

“It is not a constraint! It is a CONDITION!”

Ардчилал

Одоогийн эрх баригчдаа муулах зүйл бишгүй л их байна. Гэхдээ 1990 онд зоригтойгоор тэмцэн бидэнд ардчилал хэмээх энэ зүйлийг авчирсан тэдэнд талархах нь зүйтэй. Энэ үг зүгээр нэг тогтолцоог нэрлэсэн нэрийдэл төдий биш юм. Ардчиллыг хүнтэй зүйрлэвэл энэ хүн бидэнд дээр дурдсан эрх чөлөөтэй байх тасалбарыг тарааж, өөрийн хүчийг ашиглан биднийг эрх чөлөөтэй, аюулгүй, аль болох аз жаргалтай байлгахын тулд хичээдэг хүн юм. Хамгийн чухал нь энэ хүн бүхий л хүнд яг адилхан нэг бэлэг өгдөг нь “ЭРХ” бөгөөд ардчилал үгүй бол зөрчигдөөд байх эрх бидэнд байхгүй, яг үнэндээ амьд явах аюулгүй амьдрах ч эрх үгүй болно. Ардчилал “ХУУЛЬ” гэх зүйлээр дамжуулан хүн бүрийг адил тэгш хамгаалж байна. Энэ л зүйлийн ачаар бид айдас хүйдэсгүй, маргааш өглөө амьд сэрүүн сэрэхдээ итгэлтэй орондоо орцгоодог. Хууль бүх хүнд тэгш үйлчилж нийгэмд шударга ёс тогтсоны үндсэн дээр бид өнөөх үнэ цэнэтэй эрх чөлөөгөө бүрэн утгаар нь эдлэх юм. “Нэгэн” гишүүн дэмий олон арван удаа “Шодоргос” гэж орилж олны доог тохуу болоогүй л байх нь. Үнэхээр л энэ шударга ёс үгүй болчихвол бидний эрх газраар нэг хөглөрч хэн дуртай нь гишгэлж эхлэх билээ.

Тэгэхээр эрх чөлөөтэй байна гэдэг нь угтаа бол ардчилал, хууль бөгөөд шударга ёсоор дамжуулан өөрийн эрхийг бүрэн дүүрэн эдэлж амьдрахыг хэлж байгаа юм.

Авлигал юу руу довтолдог вэ?

Авлигал тань руу, над руу аль эсвэл ямар нэгэн намын гишүүд рүү довтлохгүй. Харин бид бүхнийг багтаасан энэ нийгмийн Тогтолцоо руу, бидэнд Эрх чөлөөний эрхийн бичгийг тараагаад байсан Ардчилал руу, Та бидний эрхийг хамгаалж буй Хууль руу , Эрх чөлөөтэйгөөр сэтгэл тэнүүн амьдрах боломжийг олгож буй Шударга ёс руу халдана.

Гүн авлигалд өртсөн улсад хууль нь үйлчилдэггүй, үйлчлэхдээ тэгш бус үйлчилдэг, ард иргэдийн эрх дэндүү амархан зөрчигдөж сэргээгдэхдээ тун хэцүү, нэг ёсондоо ард иргэд нь эрх чөлөөтэй гэхээсээ илүү хараа хяналтгүй байдал ажиглагдана. Энэ бүх нөхцөл байдал дэндүү танил, тэр байтугай олон олон жишээтэйгээ хамт толгойнд зурсхийж байгаа нь харамсмаар.

Авлигалыг бид өөрсдөөсөө холуур, дэндүү томоор харж хор хөнөөлийг нь ч бүрэн гүйцэд ухаараагүй явдаг. Жирийн нэг хээл хахууль, бэлэг сэлтхэнээр бид энэ сэдвийн талаарх төсөөллөө хязгаарлах нь тун ядмаг бөгөөд энэ бүхнийг жирийн мэтээр харсаар байвал тулж болох аюул нь та бидний төсөөллөөс ч давсан зүйл бий. Нийгэм тэр чигтээ ийм байна гэх нэрийдлээр бамбай хийж бид өөрсдийнхөө эрх чөлөөг бага багаар хэмлэж байна. Хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртдэг, сэтгэсэн, сурсан, илүү хөдөлмөрлөсөн хүн нь урагш ахидаг нийгэмд бид амьдрах эрхтэй. Бидний амьдралд гуравдагч нөлөө байсаар нэг л мэдэхэд бид өөрсдөдөө хөрөнгө оруулахаас илүүтэйгээр шударга бус байдалтай эвлэрч, түүнтэй дасан зохицоход илүү их үнэт зүйлсээ зориулдаг болжээ.

Гарц бий юу?

“Rent Seeking” гэх ойлголт нь авлигалын учир шалтгааныг дөхөм болгож өгдөг бөгөөд хялбарчилвал “ Түрээс авах нь нийгэмд ямарваа нэгэн баялаг бүтээлгүйгээр мөнгө олдог шиг хүн бүр аль болох амар хялбар аргаар, аль болох бага хөдөлмөрөөр орлого олохыг эрмэлзэнэ.” Хамгийн амар, хямд, хурдан, бөгөөд эвтэйхэн замыг сонгох нь бид бүгдийн эрмэлзэл. Гэвч энэ амар хялбар бүхэн хууль, шударга ёстой мөргөлдөх нь олонтаа. Шударга ёстой зөрчилдсөн ч нийгмийн хэм хэмжээтэй нийцээд байхад яах вэ? Би шударга хүн гэж бахархалтайгаар хэлээд сэтгэл тэнэгэр ч амьдрал гундуухан яваа хүн олон. “Carrot and Stick approach” буюу маш энгийнээр бол урамшуулан шагнах аль эсвэл шийтгэн сөрдүүлэх гэх үндсэн хоёр аргаар улс орнууд ганцхан авлигал ч биш олон асуудлыг шийддэг. Энэ хоёр арга аль аль нь давуу болон сул талуудтай бөгөөд үр өгөөжийн хувьд одоохондоо бид гэрчилж харсан зүйл хомсхон байна. Манай орны хувьд аль нь үйлчилж байна вэ? Ер нь ямар нэгэн шийдэл, авч байгаа арга хэмжээ байна уу?

Бахархалтайгаар хэлэхэд манай Монгол улс авлигалтай харин ч сайн “тэмцдэг” орнуудын тоонд зүй ёсоор орно. Хачирхалтай нь зарим улс орнууд тэмцээд, шийдээд, даваад ангижирч байхад бид бахархалтайгаар тэмцсээр л байна. Ер нь энэ тэмцэлд төгсгөл биш юм аа гэхэд зорилтот цэг гэж байна уу? Яагаад бид нийгмээ залах бус нийгэм биднийг буруу зүгт залаад байна вэ?

Тэгээд гарц нь яг юу юм бэ? Яаж ангижрах вэ гэдэг асуултанд хамгийн оновчтой бөгөөд урт хугацааны үр дүн үзүүлэх хариулт бол

“To Make Corruption IRRATIONAL”

Авлигалыг буруу зүйл гэдгийг бүх хүн УХАМСАРЛАХ явдал юм. Ямар аюултай зүйл вэ гэдгийг нь ойлгож, үүнийг бусдадаа түгээж, хажуу дахь хүндээ шаардлага тавьж, үр хүүхдүүддээ ийм байдлыг үлгэрлэхгүйгээр тэднийхээ ухамсрыг эрүүл чигээр нь хадгалж өсгөж хүмүүжүүлэх нь бидний энэ асуудалтай тэмцэхэд оруулж чадах хамгийн том хувь нэмэр.

Бидэнд хэр их хугацаа үлдсэн бэ?

Бидний урд хэмжигдэхээргүй урт хугацаа, таамаглашгүй баялаг ирээдүй байна. Ирээдүйд илүү сайхан амьдарч, улс орон маань хөгжиж, баян хоосны ялгаа багасаж, нийгмийн асуудлууд нимгэрч, эх орондоо санаа амар амьдарч болох нөхцлийг бид бүтээж чадна. Хорь дөнгөж гарч яваа залуучууд бид сурч боловсрох, зөв хүн болж төлөвших нь өөртөө төдийгүй эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт билээ. Монгол улс цаашид хэдэн жил дээрх асуудалтай тэмцсээр байх нь биднээс л хамаарна. Хэдхэн жилийн дараа энэ шударга бус байдал үгүй болчихсон байхыг ч бид үгүйсгэхгүй. Бас л биднээс л хамаарна. Тэр өдрийг үзэх өдрийг ойртуулахын тулд яг одооноос та, бас би, бүгд өөрсдийн дотоод хүн рүү өнгийж нэг хараад өдийг хүртэл харж өссөн, туулж бас гэрчилж ирсэн тэр ядмагхан үзэл бодлоо няцааж эхлэх нь зүйтэй.

Эцэст нь

Ганцхан би өөрчлөгдөөд юу засрах вэ дээ? гэж бодож байвал та өөрийгөө дэндүү өчүүхнээр үнэлж байгаа хэрэг. Дээрх бүхэн амар зүйлс биш ч гэсэн боломжгүй зүйлс бүр ч биш. Эцэст нь, Үнэхээр л амар бөгөөд бодитоор нийгэмдээ хөрөнгө оруулмаар байвал бид сонгуульдаа идэвхтэй оролцож, хариуцлагатай бөгөөд ухаалаг шийдвэр гаргахад л болох юм.

Б.Номин-Эрдэнэ

/2020.05.11/

--

--