“ Метроны Өвөө ”

Nomin Bayarmagnai
4 min readSep 30, 2020

Огт танихгүй Япон өвөөгөөс авсан бэлэг

Нагояа хот, Япон улс /2020.08.28/

Зун дуусч байгааг далимдуулан найзтайгаа дэлгүүр хэсэхээр шийдээд метронд суухад дээрх дүр зураг намайг угтсан юм. Хэдий бусдын зургийг зөвшөөрөлгүй авсан нь бүдүүлэг ч гэсэн яг л ийм дүр зургийг ашиглан өөрийн бодлыг сийрүүлэхийг хүсч байлаа. Энэ өвөөг хараад танд юу бодогдож байна? Японд байдаг жирийн л нэг хөөрхөн өвөө нарын нэг байгаа биз. Нүдний шил нь харин содон юм. Магадгүй харах өнцгийг нь хязгаарлахгүй гээд барилгын ажилчны шил зүүчихсэн юм болов уу? Залуудаа барилга дээр ажилладаг байсан юм болов уу? … Хамгийн содон нь гартаа барьсан ном нь. Томоос томоор Python гэж бичсэн ном. Хүн бүр суръя гээд сурчихдаггүй, миний бол бүр сурахаар зориглож ч чадаагүй өдгөө дэлхийд тэргүүлж байгаа програмчлалын хэл. Орчин үед Python хэлийг “Хиймэл оюун ухаан”, “Веб хөгжүүлэлт” , “Банк санхүү” гэх мэт олон салбарт өргөнөөр ашиглаж байна. Програмчлал гэхээрээ л зузаан шил зүүсэн “гавал” хүмүүсийн хийдэг зүйл гэдэг ойлголт халагдаж өнөөдөр ёстой л найман настай балчраас наян хастай буурлууд хүртэл өнөөтэйгөө хөл нийлүүлэн алхахыг хичээж програмчлалын талаар дор бүрнээ суралцах болжээ. Өвөөгийн барьсан номыг судалж үзтэл Kenji Kameda хэмээх зохиогчийн「1週間でPythonの基礎が学べる本」буюу “Нэг долоо хоногт Python-г сурч болох ном” гэсэн гарчигтай 2020 онд хэвлэгдсэн шинэхэн ном байна.

Анхлан, бие даан суралцагчдад зориулсан ойлгоход хялбар их л сонирхолтойгоор барахгүй үр өгөөжтэй ном шиг санагдав. Манай “метроны өвөө” үзээд алдахаар шийдсэн бололтой метронд ч номоо нүд салгалгүй уншиж миний зургийг нь авсныг ч анзаараагүй юм.

Би гайхширч маш ихээр энэ хүнийг хүндэтгэх сэтгэл төрсөн. Энэ өвөөг хараад толгойндоо үүсгэсэн шалтгаанууд бол ердөө дэмий шалтаг байсныг олж мэдсэн юм.

В.И.Ленин багш “Сур сур бас дахин суp” гэж хэлсэн нь бидэнд ямарваа нэг үүрэг хариуцлага тохох гэсэндээ биш одоогийн энэ хурдан гэхэд дэндүү хурднаар хувьсан өөрчлөгдөн байгаа ертөнцөд утга учиртайгаар оршин тогтнох нөхцлийг маань заагаад өгчихсөн юм шиг. Ч.Дарвины Эволюцийн онолыг бид эх хэлээрээ “Хувьсал” , “Байгалийн шалгарал” гэж томъёолдог. Амтьад аливаа өөрчлөлт сорилтуудыг даван туулахын тулд бие махбодиороо хувьсан өөрчлөгддөгийн адилаар техник технологийн шинэчлэлүүд салхи мэт зурсхийн өнгөрөх өнөөгийн мэдээллийн эрин зуунд хүмүүс бид ч бас “нийгэм соёлын шалгарал”-ыг даван туулах шаардлага бий болжээ. Байгалийн шалгаралаас ялгаатай нь нийгмийн шалгарал дэндүү хурдан явагдах бөгөөд та бидний өөрсдийн хүсэл эрмэлзэл хүч хөдөлмөрөөс хамаарах зүйл юм. Дотоод ертөнцөө оршин тогтнож буй гадаад ертөнцтэйгөө уялдуулан үргэлж “UPDATE” хийж явсанаараа төсөөллөөсөө давсан боломжуудыг олж хараад зогсохгүй амьдралыг илүү өнгөтөөр, илүү өргөн цаг хүрээтэйгээр мөн илүү өөдрөг бөгөөд хамгийн гол нь бодитоор харж чадах болов уу. Доорх зураг дээр “Аливаа хүн сурах чиглэхийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно” хэмээн бичсэний адилаар хэрэгцээ бүхий чанартэй мэдлэгээр өөрийгөө цэнэглэж яваа цаг дор хэтийн үйл хэрэг амьдралыг маань буцаагаад цэнэглэх биз ээ.

Хорин нэгдүгээр зуунд бид энэ өөрчлөлтүүдийн бай болохоос илүүтэйгээр өөрсдөө өөрчлөлтийг бүтээгч эзэн бие нь байх бололцоотой гэдэг нь гайхамшигтай.

UPDATE хийх зүйлс мэдээлэл болон мэдлэг чадвараар зогсохгүй. Итгэл үнэмшлээ ч хайр найргүй няцааж шүүмжилж одоо цагтайгаа уялдуулан шинэчилж байх нь зүйтэй.

Хүн бүрт хэзээ ч буруу зөвд нь эргэлздэггүй багаасаа “угаасаа ийм байдаг” гээд итгэчихсэн, аав ээж нь тэгээд заагаад сургачихсан итгэл үнэмшлүүд байдаг. Байр сууриндаа баттай зогсох гэдэг ойлготыг няцааж байгаа мэт боловч хааяадаа, ядаж хэдэн жилдээ нэг удаа, аль эсвэл амьдралд эргэлттэй үйл явдал тохиосон үеүүддээ бид итгэл үнэмшилдээ шүүмжтэй хандаж ахин нэг удаа зөв бурууг нь дэнсэлж үзэх нь зөв. Хэвшмэл байдал тухтай ч гэсэн олон боломжуудыг халхалж олон өөр аз жаргалаас биднийг холдуулж байдаг юм шиг. Тиймээс нийгмээр тархиндаа хадуулсан үндэслэл муутай жижиг бөгөөд том итгэл үнэмшлүүдээ бусдын нөлөөнд авталгүйгээр ухаалагаар шүүн тунгаахад бидэнд мэдлэг боловсрол л тусалж чадах билээ.

Юуг яаж сурах вэ? Хаанаас эхлэх вэ? Хэнээр заалгах вэ?

Юуг сурах нь хувь хүний өөрийнх нь дуртай нь аргагүй хийх сонголт. Харин хаанаас эхлэх , хэнээр заалгах тал дээр олон ч хүн гацдаг байх. Би олон зүйл сурч гийгүүлсэн хүн биш ч гэсэн сүүлийн найман жилийн хугацаанд ойлгож авсан нэг зүйл бол Англи хэлний ач тус юм. Бид бүхний өмнө Интернет гэх дэндүү баялаг ертөнц туулж барамгүй их мэдлэгийн далай мэт оршин байна. Гагцхүү энэ уудам далайд тааваараа сэлж хүссэн бүхнээ хэний ч туслалцаагүйгээр олж мэдэх боломжийг хэлний мэдлэг бидэнд өгдөг. Монголын мэдээллийн сан хязгаарлагдмал бөгөөд байгаа мэдээллүүд ч найдвар муутай байдаг нь харамсмаар. Ердөө “How to…” “What is…” гэдэг үгийг л ашигласнаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв мэдээлэллийг хэнээс ч гуйж гувшихгүйгээр өөрөө олоод мэдчихнэ. Жаахан нас тогтсон хүмүүс хэрэглэхгүй шүү дээ, хэнтэйгээ англиар ярих юм гэж өөрсдийгөө мэдээллээс зугатаалгаж харах өнцөгөө хязгаарлах нь олонтаа.

Үнэхээр дуусахгүй их хэрэглээтэй, барагдашгүй их үр өгөөжтэй хөрөнгө оруулалт бол хэл сурах цаг хугацаа юм. Тиймээс өөрийн хүсэл эрмэлзэлд нийцсэн зүйлсийг бусдаас хамааралгүй суралцах гүүр болох хэлний мэдлэгээс эхлэвэл цаашдын сорилт бүхэн хэд дахин хялбар болох боломжтой.

Эцэст нь

Санхүүгийн чиглэлээр суралцдаг надад Python сурах нь цаг хугацааны л асуудал байсан юм. Харин тэр шийдвэрийг минь урагшлуулж өгсөн тэр нэгэн Япон өвөөд баярлалаа. Өвөөг хараад надад төрсөн бодол бүхэн миний хувьд үнэхээр том бэлэг байлаа.

Бид жижигхээн зүйлсээс л сэдэл авч аливаа шийдлүүдэд хүрдэг. “Метроны өвөөг” харсан тэр өдөр гаргасан шийдэл маань өвөөтэй “уралдах” байсан юм.

Б.Номин-Эрдэнэ

/2020.09.30/

--

--