Монголчууд бид юугаар тэргүүлж байна ?

Nomin Bayarmagnai
5 min readSep 14, 2020

Дэлхийн улс орнуудыг эрэмбэлж жагсаасан олон үзүүлэлт дундаас нэг л үзүүлэлтээр бид мөчөөгөө өгөхгүй хол тасархай тэргүүлж байна.

Хүн бүрийн хувьд хамгийн үнэ цэнэтэй ч хэзээ ч тэр үнэ цэнэдээ тохирсон анхаарал халамжийг хүртэж чаддаггүй “шоовдор” нэгэн баялаг бол бидний эрүүл мэнд. Миний бодлоор элэг бүтэн бөгөөд ЭРҮҮЛ САРУУЛ хүн хамгийн баян хүн. Жинхэн баялагаа гаргуунд нь хаячихаад өнөөдөр бид яг юуны араас хөөцөлдөж явна вэ? Энэ нэгийн тоо бол бахархлын нэг биш гутамшиг бүр гашуудлын нэг. Бидний тэргүүлээд байгаа тэр үзүүлэлт бол “Хорт хавдраас үүдэлтэй нас баралтын тоо” юм. Энэ сэдвээр мэдээлэл олж хараад итгээгүй орхисон ч саяхан сонирхож баттай эх сурвалжуудыг судлаад үзэхэд үнэхээр л Монгол улс тэргүүлж байна. Хараад цочирдож бас дэндүү их гутарлаа. Би таныг энэ бичвэрийг дуустал нь уншиж, бусдадаа түгээж энэ нэгийн тоог аль болох өсгөхийн төлөө өнөөдрөөс эхлэн хичээхийг хүсэе.

Нийт хорт хавдрын нөлөөгөөр нас барагсдын тоо

www.worldlifeexpectancy.com

Би багадаа уут дүүрэн чихэр шоколад идэж, хийжүүлсэн ундааг аяга аягаар нь уудаг байлаа. Долоон шүдээ ломбодуулж, заримыг нь авхуулж, бөмбөг шиг болтлоо таргалж ч байлаа. Гэсэн хэдий ч би өөрийгөө жирийн л Монгол хүүхдийн замналаар амьдарч байна даа, огтхон ч буруу зүйл хийхгүй байна даа л гэж боддог байсан. Өсвөр насанд очиж гар утастай болж шөнөжин кино үзэж утасныхаа дэлгэцийг ширтсээр одоо -3.00 хараатай болсон гэх мэтчилэн аль хэдийнээ эргээд засъя гээд засаж чадахгүй зүйлс хэд хэд бий. Чихэр их иддэг бондгор хүүхэд хэвийн санагддаг шиг ид гүйж харайж спортоор хичээллэх нас нь дээрээ өдөржин дэлгэц ширтэж суух хүүхэд, цаашлаад тамхи бүр хэрэгцээ нь болчихсон залуучууд, сайн нь ч болсон саар нь ч болсон архи дарсаар баяраа нэмж гунигаа нимгэлдэг ард иргэд бүгд л хэвийн санагддаг болсон нь харамсалтай. Улмаар нас дээр гараад ямар нэг өвчин эмгэгд ороогдож эмнэлэгээр эргэлдэн эргэлдсээр бурхан болдог нь ч хэвийн болж. Та бидний хол ойрын хамаатан садан дунд дор хаяж нэг хавдар туссан хүн аль эсвэл хорт хавдраар зовж шаналсан хүн бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр дундаа Монголчууд бидэнд элэгний хорт хавдар бүр ч танил сонсогддог болсон нь ямар их эмгэнэл вэ.

Монгол улсад зонхилон тохиолдож буй хорт хавдрууд

www.worldlifeexpectancy.com

Элэгний хорт хавдраар нас барагсдын тоо

www.worldlifeexpectancy.com

Элэгний хорт хавдар үүсэх үндсэн хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

  • Гепатитийн В, С вирус (HBV, HCV)
  • Чихрийн шижин (Diabetes)
  • Элэгний өөхлөлт (Fatty Liver Disease — Hepatic Lipidosis)
  • Элэгний цирроз (Cirrhosis)
  • Архины өндөр хэрэглээ

Гепатитийн В, С вирус нь эхээс үрд дамжих аль эсвэл халдварын замаар тархдаг бол үүнээс бусад бүх өвчин эмгэгүүд та бидний амьдралын хэв маягтай шууд холбоотой юм. Чихрийн шижин бол таргалалтаас улбаатай үнэхээр хүнд өвчин. Таргалалт яаж үүсдэг талаар хүн бүр хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Хөдөлгөөний дутагдал болон хамгийн гол нь буруу хооллолт энэ өвчний ул суурь болж өгдөг. Бид бүхэн олон зүйлсийг эрүүл хэмээн андууран хэрэглэсээр нэг л мэдэхэд дэндүү их чихрийг өдөр бүр хоол хүнсээрээ дамжуулан биедээ шингээдэг. Ингэснээр бидний биед чихэр зөв шимэгдэж чадалгүй цусанд үлдэж цусан дахь сахарын хэмжээг ихэсгэн улмаар энэ нь элэг өөхлөх эхлэлийг тавьж өгдөг (insulin resistance) . Цаашид энэ сэдвээр дэлгэрэнгүй бичих учраас ингээд орхиё. Дээр хэлсэнчлэн элэгний өөхлөлт бол таргалалттай шууд холбоотой. Тэр дундаа чихрийн шижинтэй хүмүүс үүнд өртөх эрсдэл хамгийн өндөрт тооцогддог. Дээрээс нь архи хэтрүүлэн хэрэглэдэг бол бүр ч өндөр эрсдэлтэй.

www.medicalnewstoday.com

Цаашлаад өөхөлсөн элэг нь элэгний цирроз гэх өвчинд таныг нэг алхамаар ойртуулна. Энэ өвчин нь харин хүндэрвэл элэгний үйл ажиллагаа доголдох, зогсох эрсдэл дагуулж улмаар нас баралтын шалтгаан болдог байна. Хамгийн сүүлчийн шалтгаан болох архи бол бүх шалтгаануудыг хүндэрч, илүү хурдан архагшихад дэмжлэгийг харин ч нэг үзүүлэх шиг болно. Элэг нь бидний биед орсон хорт бодисыг шүүдэг бөгөөд архи хэмээх хорыг биерүүгээ хайр найргүй “цутгаад” байвал элэг үрэвсэж гэмтэхээс гадна илүү хурдан хүнд шатны өвчлөлд (цирроз) шилжих юм. Үүгээр зогсохгүй архи нь чихрийн шижин үүсэх гол шалтгаан болдог. Ингээд харахаар яг л эргэх холбоо шиг:

Буруу хоол хүнс + архи → таргалалт, чихрийн шижин → элэгний өөхлөлт + архи → Цирроз → Элэгний хорт хавдар → Нас баралт → #1

By Medi Belortaja

Нэг ёсондоо үхэх үү амьдрах уу, ирээдүйд өвчин эмгэгтэй зууралдан энэ амьдралаа тэмцэл болгох уу, үр хүүхдүүдтэйгээ инээж хөөрөлдөн шагнал шиг өдрүүдийн үзэж туулах уу гэдэг маань бидний өнөөдөр хийх жижигхэн шийдвэрүүдээс хамаарна.

Тиймээс “ганцхан” өдөр гэж зугатаалгүйгээр, “залуу юм чинь” гэж хойш тавилгүйгээр хүн бүр өдөр бүр зөв дадал зуршилтайгаар эрүүл амьдарч эхлэх ёстой. Хэдэн зуун “ганцхан” танд нэг л өдөр гэнтийн бэлэг барих вий гэдгийг санаарай.

Би эмч гэр бүлд өсч торнисон охин. Миний өвөө, эмээ, аав, ээж, ах гээд бүгд эмч хүмүүс. Бүгд л намайг бага байхаас л эрүүл мэндээ эрхэмлэж явахын чухлыг зааж сургасаар ирсэн. Тэднийхээ үгнээс зөрүүдлэн сүүлд нь биеэрээ туулан харамссан үе надад бий. Миний өвөө хүний гавьяат эмч хүн байдаг. Одоо 90 дөхөж байгаа ч үзлэг хийж, ном бичиж, машинаа барьчихдаг их эрүүл саруул. Эрүүл явна гэдэг нь эрүүл мэндийн үнэ цэнийг ухамсарлахаас илүүтэйгээр энэ үнэ цэнийг хадгалж явахын төлөө хичээл зүтгэл гаргахын нэр.

Тиймээс хүн эрүүл хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийж, ариун цэвэр сайн сахиж хорт зуршлаас хол явахад л болно гэж өвөө минь хэлдэг.

Маш сайхан хувь заяагаар энэ орчлонд эрүүл саруул төрсөндөө, маш их хайр халамжаар бөөцийлж ижий аав минь биднийг эрүүл саруул өсгөж торниулсанд бид үргэлж талархаж явах ёстой. Өөрт заяагдсан энэ үнэлж ч боломгүй үнэт зүйлээ бид яагаад анхаарах аядаж “гурилдсаар” энэ биеэ хордуулсаар байна вэ? Хэзээ чухал гэж яригддаг шигээ чухал байр сууринд очих юм? Хэзээ бид эд зүйлсд мөнгө татдаггүй шигээ эрүүл мэнддээ хөрөнгө оруулдаг болох юм? Заавал эмнэлэгийн ор нь дээр хэвтсэн хойноо юу, заавал ээж аав эмээ өвөөгөө алдсан хойноо юу, заавал эм тарианд хамаг мөнгөө зориулсныхаа дараа юу? Яагаад яг одоо ухаараад өнөөдөр биш юм гэхэд маргаашаас эхлээд ганц ганц алхамаар бид өөрсдийгөө жинхэн утгаар нь хайрлаж болохгүй гэж?

Үүнийг уншсан хүн бүхэн, тэр тусмаа ойр дотны хүмүүс, гэр бүлийнхэндээ хандаж “Та өөрийгөө хайрлаж, биеэ гамнаж гэр бүлийнхэнээ хайрлаарай” гэж хүсье.

Б.Номин-Эрдэнэ

/2020.09.14/

--

--