Та Япон хэл мэдэхгүй байсан ч Япон улс танд нээлттэй

Nomin Bayarmagnai
6 min readMay 1, 2021

Төдийлөн олон хүн мэдээд байдаггүй ч Япон улсад суралцах хамгийн дөт бөгөөд зардал багатай аргыг танд танилцуулъя.

Миний бие Япон улсын Нагоя хотод байрлах Nagoya University-д эдийн засгийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцаж байна. Америкийн Ivy League гэдэг шиг Японд ч бас “imperial” гэгдэх долоон их сургуулиуд бий. Уг сургуулиудад Япончууд өөрсдөө орох гэж ахлах ангиасааа л маш их хичээж зүтгэдэг ч өндөр шалгуур, өрсөлдөөний улмаас хэр баргийн оюутан тэнцээд байдаггүй.Үүний нэг нь Nagoya University бөгөөд Японы топ 5 их сургуулийн нэг билээ.

Нагоя хот

Тэгвэл энэ их сургуульд Япон хэлний мэдлэггүй байсан ч яаж орох вэ?

Ийнхүү миний бие дараах замыг олон хүн олж хараасай, энэ боломжийг олон Монгол хүүхэд ашиглаасай гэсэндээ уг мэдээллийг өөрийн туршалага дээр үндэслэн хуваалцаж байна.

Японы засгийн газар их дээд сургуулиудынхаа дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чанарыг дээшлүүлэх зорилгоор GLOBAL 30 гэх хөтөлбөрийг Ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачлагаар 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Уг төсөл нь дотоодын их дээд сургуулиудыг илүү “international” болгож дэлхийн топ сургуулиудыг жагсаахад өндөр хэмжүүр болдог “diversity” буюу олон талт байдлын хэмжүүрийг амжилттай хангахад анхааран илүү олон гадаад оюутнуудыг Япон улсад сурах нөхцлийг хангахад анхаарч эхэлсэн юм. Уг зорилгынхоо хүрээнд БҮХ ХИЧЭЭЛ НЬ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ЯВАГДАХ хөтөлбөрийг санаачлан Японы хамгийн топ 13 сургуулиудад хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингээд Global 30 хөтөлбөрийн онцлог болон давуу, сул талуудыг нэгтгэн доор жагсаая.

Давуу талууд:

1. Япон хэлний мэдлэг шаардахгүй

Бүх хичээл англи хэл дээр заагдах учраас хэдий та Япон хэл мэдэхгүй байсан ч асуудал байхгүй. Гэхдээ сургуулиуд оюутнуудыг суралцах явцдаа Япон хэлийг судлахыг шаарддаг бөгөөд энэ нь хэн бүхэнд их сургуулиа төгсөхдөө англи болон япон хэлний өндөр түвшний мэдлэгийг энэ тэнцүү хэмжээнд эзэмших боломжийг олгох юм.

2. Олон орны оюутнуудтай хамт суралцах

Уг хөтөлбөрийн хамгийн том давуу тал нь дан ганц Япон оюутнууд дунд “цөөнх” болж суралцах биш, яг тантай адилхан гадаадад суралцахаар ирчихсэн үе тэнгийнхээ залуустай хамт суралцах боломжийг олгож байгаа нь юм. Амьдарч буй нийгмээсээ Япон улсын нийгэм, соёл, хүмүүсийнх нь онцлогийг олж харахын хажуугаар ангийнхаа найз нараас өөр маш олон орны талаар илүү гүнзгий мэдлэгтэй болж аливааг харах өнцөгөө тэлээд зогсохгүй дараа нь аялаад очиход угтаад авах олон орны найзуудтай болох юм. Гадаадууд Монголыг Чингис хаан, Сүмогоор төсөөлөх нь олонтаа бөгөөд тэдгээр хүмүүст Монголоо таниулах боломжтой нь их гоё.

3. Жил алдахгүй

Японд суралцах олон бололцоо байдаг ч хэрвээ таны Япон хэл тийм ч сайн биш бол хэлний бэлтгэл гэх нэг жилийн дамжлагаар дамжихаас өөр аргагүй байдаг. Жишээ нь засгийн газрын тэтгэлэг (Монбүшо) Япон хэл сайн мэддэг байсан ч хэлний бэлтгэлд хамрагдах нөхцөлтэй байдаг. G30 хөтөлбөр нь ердөө дөрвөн жил үргэлжлэх бөгөөд Монголдоо сураад төгссөнтэй адил хугацааг л зарцуулах юм.

4. Маш хялбар элсэлтийн үйл явц

Японы их сургуульд тэнцэхийн тулд заавал Япон улсыг зорьж очин Япончуудтай зэрэгцэн элсэлтийн шалгалт өгдөг дамжлагыг G30 хөтөлбөр хялбарчилж өгсөн юм. Танд интернет л байхад та гэрээсээ элсэх хүсэлтээ илгээх боломжтой. Та сургуулийн зүгээс тавьсан шаардлагуудыг нь хангаж буйгаа батлах бичиг баримтуудаа англи хэл рүү орчуулаад бэлдсэн байхад л хангалттай.

5. Японы топ сургуулиудад элсэх боломж

Дээр хэлсэнчлэн хувийн зардлаар ирсэн оюутнууд Японы топ их сургуулиудад Япончуудтай өрсөлдөж орох нь амаргүй байдаг. Харин уг хөтөлбөр нь энэ асуудлыг хялбарчилж тусгайлан зөвхөн гадаад оюутнуудыг өрсөлдүүлж шалгаруулалтаа хийдгээрээ давуу талтай. Гэхдээ олон улсаас маш мундаг оюутнууд хүсэлтээ явуулдаг учраас өөрийгөө ч бас хүчтэй өрсөлдөгч болгох нь чухал.

6. Төгсөөд ажлын байр олоход тустай

Япон улс хэдий ажиллах хүчний эрэлт хэрэгцээ өндөр ч гэсэн хүн болгон тийм амархан ажилд орчихдоггүй. Тэр тусмаа нэр хүндтэй том компанид ажилд ороход төгссөн сургуулийн нэр хүндээс эхлээд олон шалгууруудыг харна. Мөн Японоос гадна англи хэлний мэдлэг өндөртэй хүмүүсийг өндөрөөр үнэлэх хандлага байдаг. Тийм учраас уг хөтөлбөрт хамрагдсанаараа хүссэн ажилдаа ороход нь түлхэц болох болно.

Сул талууд:

1. Зөвхөн гадаад оюутнуудтай хамт суралцдаг учир яг Япончуудын оюутны амьдралыг сайн мэдэрч чаддаггүй

Хичээлээ гадаад оюутнуудтай авдаг учраас Япон найзуудтай болохын тулд хичээлээс гадуурх дугуйлан секц-нд хамрагдах шаардлагатай болдог. Энэ нь хэдий зарим хүнд таалагддаггүй ч илүү олон улсын оюутнуудтай байхыг илүүд үздэг хүмүүс ч бий.

2. Засгийн газрын тэтгэлэгтэй харьцуулахад тэтгэлэгийн хэмжээ бага

Монбушо буюу Японы засгийн газрын тэтгэлэг нь сар бүр 1100 орчим Ам.Долларын амьдрах зардлын тэтгэлэг өгдөг бол G30-д тэнцсэн ч тэтгэлэгт нь тэнцэхгүй байх магадлал байдаг. Тэнцсэн байлаа ч ихэнх сургуулиудын G30 хөтөлбөрийн тэтгэлэг нь 4 жилийн сургалтын төлбөрөөс гадна сургуулиасаа хамаараад сар бүрийн стипенд 300-аас 800 долларын хооронд хэлбэлздэг. Тийм учраас тодорхой хэмжээний цагийн ажил хийх хэрэгтэй болдог. Гэхдээ Японы хувийн байгууллагын олон тэтгэлэг байдаг учир тэтгэлэгт тийм ч их санаа зоволтгүй санагддаг.

3. Цөөхөн оюутан

Тус хөтөлбөрийн хүрээнд нэг жилд маш цөөн тооны оюутныг элсүүлдэг. Жишээ нь Нагоя Их Сургуулийн G30 хөтөлбөрт эдийн засгийн чиглэлээр 5–8 оутан авдаг бөгөөд нийт хүсэлт илгээсэн оюутнуудын 6–9% нь тэнцдэг (acceptance rate). Цөөхүүлхнээ хичээлээ үзэх нь багш нартайгаа тулж ажиллах давуу талтай ч гэсэн “The more the merrier” гэдэг шиг ангийнхан маань “цөөдөөд” байдаг юм шиг санагддаг. Гэхдээ Лекц болон үндсэн суурь хичээлүүдээ бусад хууль, улс төрийн тэнхимийн оюутнуудтай нийлж үздэг.

Элсэлтийн ёслол (2017 он)

Тэгвэл G30 хөтөлбөрөөр суралцахаар шийдвэл юу юу бэлдэх вэ? Ямар шалгууртай вэ? Хэзээ өргөдлөө илгээх вэ? …

Илүү олон улсын хөтөлбөр болоод ч тэр үү оюутныдаа сонгохдоо Америкийн их дээд сургуулиудтай төстэй “Holistic Approach” буюу хүнийг зөвхөн академик талаар нь гэхээс илүү “Энэ хүн ямар хүн бэ?” гэдгийг нь харж сонгодог. Үүн дээр үндэслээд доорх зүйлсийг шаарддаг.

Заавал:

  • Бүрэн дунд сургууль төгссөн гэрчилгээ
  • Сурлагын дүн
  • TOEFL/IELTS оноо (80+/6+)
  • Эсээ - 2 ширхэг ( Personal Statement)
  • Тодорхойлох захидал- 2ширхэг (Recommendation Letter)
  • Элсэлтийн Ерөнхий Шалгалтын оноо (ЭЕШ)

Боломжтой бол:

  • SAT оноо
  • EJU оноо
  • Нийгмийн идэвх (сайн дурын ажил, урлаг, спорт)
  • Академик амжилт (олимпиад, уралдаан тэмцээн)
  • Япон хэлний түвшин ( Япон хэлтэй холбоотой туршлага)

Дээрх материалуудыг бүгдийг нь онлайнаар илгээх бөгөөд тодорхой нэг баримтыг шуудангаар илгээхийг шаарддаг. Сургуулиасаа хамаараад нарийн шалгуурууд өөр өөр байхыг үгүйсгэхгүй.

Өргөдлөө илгээх

Сургуулиудын өргөдөл хүлээн авах хугацаа харилцан адилгүй. Зарим сургуулийн хичээлийн жил 10 сард эхэлдэг бол зарим нь 4 сард эхэлдэг. Нагоя Их Сургуулийн хувьд 10 сард эхэлдэг бөгөөд өргөдлийг өмнөх оных нь 11ээс 12 сарын хооронд хүлээж авна. Эхний шатны хариу 1–2 сард гарч онлайнаар ярилцлаганд ордог. Эцсийн хариу 3аас 4 сард гарч тодорхой хэмжээний хураамж төлснөөр та албан ёсоор тус сургуульд элсэх эрхтэй болох юм.

Эцэст нь

Би анх 10-р ангидаа Япон улсад ирээд Япон айлд 10 хоног амьдарч үзсэн юм. Тухайн үед намайг хүлээж авсан Япон гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бөгөөд гэр бүлийн гишүүн бүрийн урдаа хийх зүйл, зорьсон зорилготой амьдардаг нь таалагдсан. Монголруу буцахдаа би 3 жилийн дараа буцаад ирнэ ээ гэж амлалт өгсөн юм.

Япон хүмүүсийн хувьд цаг “өнгөрөх” биш цагийг “өнгөрүүлэх” хэмээх сэтгэлгээ явж байдаг бөгөөд өдөр бүрээ эрх чөлөөтэйгөөр сайхан орчинд хүссэн зүйлсээ хийж, тухайн зүйлээрээ дамжин өөрөө ч анзааралгүй өсөж дэвжих боломжийг энэ улс бүрдүүлдэг юм шиг санагддаг. Япон улс тохирдоггүй, таалагддаггүй олон хүн байдаг ч гэсэн энэ улс таалагдах хүн бүр олон гэдэгт итгэж байна.

Кёото хот (2018 он)

Японд суралцах нь хүн бүрт нээлттэй бөгөөд залхууралгүйгээр интернетээр нарийн судалж үзээрэй! Бүх мэдээлэл ил тод бэлэн байдаг бөгөөд өөрийнхөө нүдний өмнөх боломжийг залхуурлаар бүү хягзаарлаарай.

Миний бие тус сургуульд суралцахыг маш их хүсч зорьж ирж байсан. Надтай яг л адил Япон улсад хайртай, тус улсад суралцахыг эрмэлзлэг олон хүмүүс надаас дээрх мэдээллүүдийг хувийн байдлаар асуудаг. Тэр болгон бүх хүмүүст хариулт хэлж чаддаггүйдээ харамсдаг бөгөөд уг нийтлэлээрээ тухайн хүмүүст бага ч болов нэмэр болоод зогсохгүй энэ боломжийг мэддэггүй олон залууст мэдээлэл хүргэхийг зорьлоо.

BELIEVE IN YOURSELF

Фүжи уулын орой дээр (2018 он)

Б.Номин-Эрдэнэ

/2021.05.01/

--

--