Таны “ZING” Та Өөрөө

Nomin Bayarmagnai
4 min readJun 9, 2020

Cambridge-н толь бичигт зааснаар “zing” гэдэг нь урам зориг, эрч хүч гэсэн үг бөгөөд аливааг илүү сонирхолтой, догдлол дүүрэн болгодог чанар хэмээн тодорхойлогдсон байдаг. Гэхдээ Америкчууд хар яриандаа энэ үгийг төрөл бүрийн нөхцөл байдалд ямарваа нэг юманд амь оруулах, хурцлах, хөгжөөх зэргээр өргөн хэрэглэдэг.

“Adding a squeeze of lemon to give extra zing to your drink”

Яг дээрх жишээ шиг бидний амьдралд зинг авчирдаг час хийсэн лемоны шүүс тэр болгон олдоод байдаггүй, олдсон ч тэр дорхноо уусаад алга болчихдог. Тэгээд л буцаад лемоны шүүс хайж төрөл бүрийн урам өгөх лекцэнд хамрагдаж, сэтгэл хөөргөсөн подкаст сонсож, хувь хүний хөгжлийн ном эргүүлдэг. Энэ бүгдийг буруу гэж байгаа юм биш, гэхдээ та гаднах ертөнцөөс өөрийгөө хамааруулж доторх галаа хэн нэгнээр асаалгах гэж байгаа хэрэг. Яагаад цаг хугацаа болон хичээл зүтгэлээ хэмнээд, өөрөө өөрийнхөө zing байж болохгүй гэж? Таныг удирдаж, залж, шүүмжилж, хамгийн ихээр хурцалж чадах хүн бол зөвхөн та өөрөө. Тийм ч учраас таны ZING зөвхөн өөрөөс тань л урган гарна. Уг бичвэр таны мэдлэгийн хүрээг төдийлөн тэлэхгүй ч түүнийгээ тэлэх хүсэл эрмэлзэлд тань багахан ч болов нөлөө үзүүлнэ хэмээн найдаж байна.

Ингээд өөрийн хамгийн их нандигнадаг, миний амьдралд жинхэнэ ZING болж байсан эшлэлүүдийг багахан дэлгэрүүлж бичсэнээ хүргэе.

“Мөрөөдөл байгаад юу ч хийхгүй бол түүн шиг хэрэггүй зүйл үгүй”

Хүүхэд насанд янз бүрээр мөрөөдөлгүй л яахав. Харин насанд хүрчихээд тэр л хэвээрээ мөрөөдлөө төсөөлөл төдий нь хадгалаад явах нь мартагдах дөхөж байгаа зүүдээ хааяа нэг дурсдагаас ялгаа үгүй байх. Нандигнаад хадгалах гэж байгаа бол яахав, харин хэзээ нэг өдөр мөрөөдөлдөө хүрье л гэж боддог бол тэр зүйлээ улам тодорхой болго, тэр зүйл рүүгээ чиглэж эхлэ.

“All men are created equal”

АНУ-н ерөнхийлөгч асан Thomas Jefferson-ы хэлсэн дээрх үг миний дуртай үгсийн нэг. Бид үнэхээр л адилхан л чадамжтай төрсөн. Харин цаг хугацааны эрхэнд “сурсан” болон “сураагүй” л гэж ялгардаг. Энэ л ялгаа хүмүүсийг хооронд нь улам өөр өөр байр сууринд аваачдаг. Аливааг сурахад мэдээж хувь хүнээс үл хамаарах олон хүчин зүйлс нөлөөлнө. Гэхдээ яг одоо энийг уншиж байгаа танд л гэж хэлэхэд, та өнөөдөр хэнээс ч дутахааргүй суралцах эрх чөлөөтэй амьдарч байна.

“Хийх шалтгаан мянга, хийхгүй байх шалтгаан ганцхан байхад хүн тэр ганц шалтгааныг сонгочихдог”

Өөрийгөө хайрлаарай, ажил амралтаа тохируулаарай, одоогоороо л амьдраарай гэх мэт үгсээр бид өөрсдийгөө эрхлүүлэх дуртай. Хийх хэрэгтэйгээ мэдсээр байж хийхгүй байх ганцхан шалтгааныг хичээнгүйлэн хайдаг. Тэр нэг шалтгааныг олмогцоо санаа амар гэгч нь өөртөө чөлөө олгочихдог. Даацтай шалтгаан ч биш жижигхээн шалтаг төдийд байгаа байрандаа гацна гэдэг харамсалтай. Анхнаасаа толгойндоо тэр эрэл хайгуулыг битгий эхлүүл, өнөөдөр юу юу хийсэн билээ, хэр их ядарч байгаа билээ гэж өөрөөсөө хий хоосон үр бүтээмж бүү хай. Та гол ажлаа ахиулаагүй л бол өөрийгөө урагшилсан хэмээд бүү тооц.

“By choosing that option, the other one collapses forever”

Одооны энэ амьдрал бол таны өмнөх сонголтуудын тань нийлбэр, ирээдүйн амьдрал тань ч бас таны хийх сонголтуудаас шууд хамааралтай. Зарим сонголт бидэнд ирдэг, харин ихэнхийг нь бид өөрсдөө бүтээдэг. Өөрсдөө сонголтыг бүтээнэ гэдэг нь маш энгийнээр бол өдөр хоногоо, өөрт ноогдох хорин дөрвөн цагаа хэрхэн өнгөрөөхийг хэлнэ. Хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт мөнгөөр бус цаг хугацаагаар хэмжигддэг учраас энэ үнэт зүйлээ дэмий үрэх, зүгээр л өнгөрөөх бус тултал нь ашиглаж, ирээдүйн үр өгөөжийг нь олж харах нь чухал.

“Do what you can with what you have where you are”

Товчхондоо бол яг одоо та хаана байна, ямар хүрээлэл, ямар боломжууд дунд байна гэдгээ нүдээ бүлтийлгэж чихээ дэлдийлгэн ахин нэг нягталж харах нь зөв. Бид нэгэн хэвийн амьдралдаа дасал болж тухайн цаг мөчийнхөө дахин давтагдашгүй онцлогийг анзаарахаа больсон байдаг. Танд олдсон боломж бусдаас илүү аль эсвэл дутмаг байж болно. Илүү байвал энэхэн мөчийг олзуурхууштай гэгч нь ашиглаж, дутуу бол түүнийгээ чамлахгүйгээр чанга атган урагшлах нь амжилт юм.

Хамгийн чухал нь “Dolce far niente” !

Энэ нь Италийн “Юу ч хийхгүй байхын Аз Жаргал” гэсэн хэллэг юм. Өөрийгөө хайрлаж, дуртай зүйлсээ хийж өөртөө амралт олгож байх нь зайлшүй зүйл. Энэ цагийг бие физиологи болон сэтгэл санааны хэрэгцээгээ нөхөж чанартайгаар цэнэглэгдэхэд зориулбал мэдээж бүр ч илүү үр дүнтэй.

Угаас юу ч хийдэггүй хүний амралт хийх зүйлсээ ягштал хийчихсэн хүний амралт сэтгэл ханамжийн хувьд маш их ялгаатай. Ажиллах үедээ чанартай бөгөөд үр бүтээлтэйгээр хийх зүйлсээ дуусгачихаад бахархалтай нь гэгч нь хүссэн юмаа хийж зүгээр л амрана гэдэг хичнээн их Аз Жаргал вэ?

Эцэст нь,

“Хүний амьдрал киноноос нэг их ялгагдах зүйлгүй ”

Бидний үзэх дуртай кино бүр зохиолч, найруулагч болон жүжигчдийн хамтын зүтгэлээр бүтдэг. Зохиолч сайн зохиол бичиж, найруулагч оновчтойгоор найруулж, жүжигчид хичээнгүйлэн ажиллаж байж бахдам сайхан бүтээлүүд бий болдог. Бидний амьдрал ч бас кинотой адилхан. Хамгийн гол нь та өөрөө зохиолоо бичиж, түүнийгээ найруулаад өөрөө гол дүрд нь тоглодог. Сайн зохиолтой киног ямар ч зохиолгүй хий хоосон адал явдалтай харьцуулах харин илүүц бизээ. Тийм учраас хувь тавиланд бүх зүйлсийг даатгалгүйгээр өөрийн зохиолыг бичиж, түүнийхээ дагуу он жилүүдээ найруулан, өдөр бүрийг хамгийн шилдэг “episode” байлгахыг хичээцгээе!

Б.Номин-Эрдэнэ

/2020.06.09/

--

--